Thursday, July 12, 2018

Хүүхдэд үлгэр хэрхэн нөлөөлдөг вэ?

Сайн үлгэрийг томчууд ч унших дуртай байдаг. Үлгэрт эерэг талын маш олон мэдрэмж, сэтгэл хөдлөл, цэнэг нуугдаж байдаг юм.

Хүүхэд хар багаасаа үлгэр сонсож эхэлдэг. Мэдээж ид шидийн, сайхан сэтгэлийн бас инээдтэй үлгэрүүд хүүхдийн хөгжилд хүчтэй нөлөөлнө.

Хүүхэддээ үлгэрийн ном дандаа уншиж өгөөрэй. Ном уншихыг сонсох ба сонгодог хөгжим сонсох хоёр нь хүүхдийг адилхан хөгжүүлдэг гэж үздэг. Хүүхдийг үлгэр ойлгох болтол нь хүлээх хэрэг огт байхгүй. Бүр багаас нь, ойлгохгүй байсан ч уншаад л байх хэрэгтэй. Хүүхдийн ухамсарт ярианы ойлгоц ба унших хүсэл давхар сууж байдаг. Бүр багаасаа үлгэр сонссон хүүхэд сургуульд сайн сурч, бүхнийг амархан сурдаг.

Одоогоос 50 жилийн өмнө гэхэд үлгэр хүүхдийн хөгжилд онцгой ач холбогдолгүй гэсэн үзэл ноёлж байв. Тэр бүү хэл хүрээлэн буй орчлонгийн тухай буруу төсөөлөл өгч улмаар хэвийн хөгжихөд нь саад болдог гэж үзэж байлаа.

Жаахан хүүхдүүд бодит амьдрал ба үлгэрийн ертөнцийг хольж хутгах нь бий. Түүний гэрт байдаг гудас юмуу данх шиг нисдэг хивс ба шидэт дэнлүү байдаг гэдэгт хүүхдүүд дэндүү итгэдэг. Өөрөөр хэлбэл хүүхэд үлгэрт гарч байгаа зүйлс ба үлгэрийн баатруудыг бодитоор төсөөлж эхэлдэг. Гэтэл эцэг эхчүүд хүүхдээ үлгэрийн баатрууд тухайлбал мангас, чөтгөр, шулмаар айлгадаг нь тун буруу юм. Ийнхүү айлгах нь хүүхдийн сэтгэцэд нөлөөлж, улмаар гэмтээж байдаг. Зарим хүүхэд мангасын тухай сонсоод уйлах нь тохиолдлын зүйл биш. Хэдийгээр эцэг эхчүүд мангас, чөтгөр, шулам хорвоод байдаггүй гэж хичнээн тайлбарласан ч хүүхэд итгэсээр л байдаг. Тэгэхээр үлгэр ашиглан хүүхдээ айлгаж буй томчууд түүний сэтгэцийг хүндээр гэмтээж байгаа юм.

* Үлгэр хэрэгтэй

Үлгэр нээрээ л хүрээлэн буй орчны тухай ташаа мэдээ өгч байдаг. Ярьдаг загас юмуу галт шувуу хорвоод байхгүй нь ойлгомжтой. Бас шидэт ахайтан ба хан хөвгүүд ч байхгүй. Гэвч үлгэрийн зорилго нь байгалийг таниулах явдал биш гэдгийг та ойлгох ёстой. Хүүхэд том болоод тэртээ тэргүй хүрээлэн буй орчны тухай мэдээллийг авна.

Үлгэрийн гол зорилго нь хүүхэд сайн мууг ялгаж сурах, бусдын төлөө сэтгэл өвддөг болоход оршино. Үлгэр угаасаа эцэг эхийн хуурай хөндий үгнээс илүү хүүхдийн хүмүүжилд хүчтэй нөлөөлдөг. Улаан малгайт, Буратино юмуу Алтан загасны үлгэрийг уншиж байхад хүүхдийн дотор юу сайн, юу муу болох тухай ойлголт сууж байдаг. Шунах, хуурч мэхлэх хэрэггүй ба сайхан сэтгэлтэй, эелдэг байвал эцэстээ бүхнийг ялдаг гэх мэт үзэл сууж л байдаг. Үлгэр хүүхдийг хүмүүжүүлдэг. Гагцхүү эцэг эх нэг үлгэр эхэлсэн бол заавал дуустал нь ярих ёстой. Ингэсэн тохиолдолд сая зөв хүмүүжил суудаг байна.

* Үлгэр бүр сайн уу?

Гэвч үлгэр бүр хүүхдийг сайн хүмүүжилд хөтөлдөг гэвэл худлаа. Ялангуяа аав нь хүүхдээ, ах нь дүүгээ алж байгаа харгис хэрцгий үлгэрүүдийг хүүхдэд ярих хэрэггүй. Хэдийгээр үлгэрийн төгсгөлд хэрцгий алуурчин шийтгэлээ амсдаг боловч энэ үлгэр хүүхдийн хүмүүжилд сайнаар нөлөөлөхгүй нь ойлгомжтой. Ялангуяа орос ардын үлгэрүүдэд харгис хэрцгий үйлдэл маш их байдаг учраас зайлсхийвэл зохино. Мөн Диснейн хүүхэлдэйнүүд тухайлбал Шрек зэрэг нь хүүхдэд биш томчуудад зориулж хийгдсэн гэдгийг мартах ёсгүй. Томчуудын үлгэрийг жаахан хүүхдэд уншиж болохгүй. Сүүлийн үед хүүхдийн гэсэн гарчигтай томчуудад зориулсан ном зохиол тун элбэг болсон тул хүүхдэд ярихын өмнө өөрөө заавал уншиж үзээрэй.

Дэлхийн сонгодог үлгэрүүд тухайлбал Ах дүү Гримм, Шарль Перро, Андерсоны үлгэрүүдийг заавал уншиж өгөөрэй. Мөн монгол ардын сургаал үлгэрүүд, Пушкин ба Маршакийн үлгэрүүдийг заавал уншиж өгөөрэй

Улаан Малгайт үлгэр

Эрт урьдын цагт нэгэн тосгонд дэлхий дээр байхгүй хөөрхөн бяцхан охин суудаг байжээ. Эх нь түүндээ ухаангүй хайртай байхад эмэг эх нь бүр илүү хайртай байжээ.
Ач охиныхоо төрсөн өдрийн нь ойд зориулж, эмэг эх нь улаан малгай бэлэглэж өгчээ.
Түүнээс хойш охин, хаашаа юунд ч явсан өнөө гоё улаан малгайгаа өмсөж явдаг болсонд, айлынх нь хүмүүс:
Улаан малгайт маань л ирж байна гэж ярилцдаг байв. Эх нь нэг өдөр амттай хуушуур хийгээд охиндоо:
-Улаан малгайт аа! Чи эмэг ээждээ энэ хуушуур, савтай тос хоёрыг аваачиж өгөөд бие нь ямар шүү байгааг мэдээд ир! гэж хэлэв.
Улаан малгайт юмаа аваад эмэг эх дээрээ очихоор өөр тосгон уруу явжээ. Охиныг ой модоор явж байтал нь замд нь нэг саарал чоно тохиолджээ. 
Чоно, Улаан малгайтныг идэх гэж хүссэн боловч модчин гийн мод цавчих сүхний дуу ойрхон дуугараад байхаар зориг нь хүрсэнгүй. Улаан Малгайтад ойртов.
Улаан малгайт чонотой дайралдах нь аюултай гэдгийг огтхон ч мэдэхгүй учир чонотой мэндлээд:
-Эмэг эхдээ энэ хуушуур, тос аваачиж өгөх гэж явна гэв.
-Чиний эмэг эх чинь хол байдаг уу? гэж чоно асуув.
-Нэлээд зайтай, тэр харагдаж байгаа тосгонд, тээрмийн цаана, тосгоны захын нэгдүгээр байшин гэж Улаан Малгайт хариулав.
-Тэгвэл би ч гэсэн эмэг эхийг чинь үзэхийг хүсэж байна. Би энэ замаар явъя, чи тэр замаар яв, хэн нь түрүүлж хүрэхээ үзье гэж чоно хэлэв. Чоно өөрийнхөө дөт гэсэн замаараа гүйв. Харин Улаан малгайт охин хамгийн тойруу замаар зам зуур зогсож цэцгийн баглаа хийхээр цэцэг зулгаасаар яаралгүй явав. Охиныг тээрэм ч хүрч амжаагүй явахад чоно хэдийн эмэг эхийн нь байшинд хүрч үүдийг нь тог тог хийтэл тогшив.
-Хэн бэ? гэж Улаан малгайтын эмэг эх асуухад
-Би байна таны охин Улаан малгайт, танд хуушуур, тос авч айлчилж ирлээ гэж чоно нарийн дуугаар хариулав.
Энэ үед тэр хөгшин өвчтэй, орондоо хэвтэж байжээ. Тэгээд үнэхээр Улаан малгайт ирлээ гэж бодоод
-Охин минь наад олсноосоо тат тэгэхээр л үүд чинь онгойно гэж хашхирав. Чоно олсноос дугтармагц хаалга нь онгойв. Гурван өдөр юу ч идээгүй өлсгөлөн чоно хөгшин тийш үсэрч, хүүе гэхийн зав өгөлгүйгээр түүнийг залгичхав.
Тэгээд үүдийг нь хааж, хөөрхий хөгшний орон дотор хэвтээд, Улаан малгайтыг хүлээж байв. Охин удсан ч үгүй хүрч ирээд үүдийг нь тог тог тогшив.
-Хэн бэ? гэж чонын асуухад, чонын дуу бүдүүн яхир сонсогдов. Улаан малгайт их л айснаа, эмэг ээж минь магад салхинд цохиулж, хоолой нь сөөсөн байхдаа гэж бодоод:
-Би байна, охин чинь танд хуушуур, тос авчирлаа гэж хэлэв. Чоно ханиалгаж байгаад нарийн дуугаар:
-Охин минь наад олсноосоо тат, тэгэхэд л үүд чинь онгойно гэв.
Улаан малгайт олсноос нь татмагц онгойв. Охиныг байшинд ороход чоно хөнжил доогуур нуугдаж
-Охин минь хуушуураа ширээн дээр, тосоо тавиур дээр тавьчхаарай, тэгээд өөрөө миний хажуугаар хэвт, хөөрхий чи минь их л ядраа биз гэв. Улаан малгайт, чонын хажуугаар орж хэвтээд
-Хөгшин ээжээ, яагаад гар чинь ийм том байгаа юм бэ? гэж асуухад:
-Чамайг чанга тэврэх гэж ийм болсон юм охин минь гэв.
-Хөгшин ээжээ, ямар учраас чих чинь ийм том байгаа юм бэ? гэхэд
-Юм сайн сонсох гэж тийм том байгаа юм охин минь гэв.
-Хөгшин ээжээ, нүд чинь яагаад ийм том байгаа юм бэ? гэхэд
-Юм сайн харах гэж тийм байгаа юм охин минь гэв.
-Хөгшин ээжээ, яагаад шүд чинь ийм том байгаа юм бэ? гэхэд
-Аа энэ бол чамайг түргэн идэхийн тулд ийм том болсон юм охин минь гээд Улаан малгайтыг хай! Гэхийн завгүй муу гайхал чоно гутал малгайтай нь залгичхав.
Харин аз болж, энэ үед байшингийн хажуугаар сүхээ мөрөн дээрээ тавьсан түлээчид явж байгаад, байшинд их чимээ гарахыг сонсоод орж нөгөө чоныг алж гэдсийг нь хага яртал Улаан малгайт, дараа нь эмэг эх нь гарч ирэв. Тэгээд хөөрхий хөгшин эх, ач охинтойгоо ямар ч аюул гэмтэлгүй эсэн мэнд уулзав
.