Сайн үлгэрийг томчууд ч унших дуртай байдаг.
Үлгэрт эерэг талын маш олон мэдрэмж, сэтгэл хөдлөл, цэнэг нуугдаж байдаг юм.
Хүүхэд хар багаасаа үлгэр сонсож эхэлдэг. Мэдээж ид шидийн,
сайхан сэтгэлийн бас инээдтэй үлгэрүүд хүүхдийн хөгжилд хүчтэй нөлөөлнө.
Хүүхэддээ үлгэрийн ном дандаа уншиж өгөөрэй. Ном уншихыг
сонсох ба сонгодог хөгжим сонсох хоёр нь хүүхдийг адилхан хөгжүүлдэг гэж үздэг.
Хүүхдийг үлгэр ойлгох болтол нь хүлээх хэрэг огт байхгүй. Бүр багаас нь,
ойлгохгүй байсан ч уншаад л байх хэрэгтэй. Хүүхдийн ухамсарт ярианы ойлгоц ба
унших хүсэл давхар сууж байдаг. Бүр багаасаа үлгэр сонссон хүүхэд сургуульд
сайн сурч, бүхнийг амархан сурдаг.
Одоогоос 50 жилийн өмнө гэхэд үлгэр хүүхдийн хөгжилд онцгой
ач холбогдолгүй гэсэн үзэл ноёлж байв. Тэр бүү хэл хүрээлэн буй орчлонгийн
тухай буруу төсөөлөл өгч улмаар хэвийн хөгжихөд нь саад болдог гэж үзэж байлаа.
Жаахан хүүхдүүд бодит амьдрал ба үлгэрийн ертөнцийг хольж
хутгах нь бий. Түүний гэрт байдаг гудас юмуу данх шиг нисдэг хивс ба шидэт
дэнлүү байдаг гэдэгт хүүхдүүд дэндүү итгэдэг. Өөрөөр хэлбэл хүүхэд үлгэрт гарч
байгаа зүйлс ба үлгэрийн баатруудыг бодитоор төсөөлж эхэлдэг. Гэтэл эцэг эхчүүд
хүүхдээ үлгэрийн баатрууд тухайлбал мангас, чөтгөр, шулмаар айлгадаг нь тун
буруу юм. Ийнхүү айлгах нь хүүхдийн сэтгэцэд нөлөөлж, улмаар гэмтээж байдаг.
Зарим хүүхэд мангасын тухай сонсоод уйлах нь тохиолдлын зүйл биш. Хэдийгээр
эцэг эхчүүд мангас, чөтгөр, шулам хорвоод байдаггүй гэж хичнээн тайлбарласан ч
хүүхэд итгэсээр л байдаг. Тэгэхээр үлгэр ашиглан хүүхдээ айлгаж буй томчууд
түүний сэтгэцийг хүндээр гэмтээж байгаа юм.
* Үлгэр хэрэгтэй
Үлгэр нээрээ л хүрээлэн буй орчны тухай ташаа мэдээ өгч
байдаг. Ярьдаг загас юмуу галт шувуу хорвоод байхгүй нь ойлгомжтой. Бас шидэт
ахайтан ба хан хөвгүүд ч байхгүй. Гэвч үлгэрийн зорилго нь байгалийг таниулах
явдал биш гэдгийг та ойлгох ёстой. Хүүхэд том болоод тэртээ тэргүй хүрээлэн буй
орчны тухай мэдээллийг авна.
Үлгэрийн гол зорилго нь хүүхэд сайн мууг ялгаж сурах, бусдын
төлөө сэтгэл өвддөг болоход оршино. Үлгэр угаасаа эцэг эхийн хуурай хөндий
үгнээс илүү хүүхдийн хүмүүжилд хүчтэй нөлөөлдөг. Улаан малгайт, Буратино юмуу
Алтан загасны үлгэрийг уншиж байхад хүүхдийн дотор юу сайн, юу муу болох тухай
ойлголт сууж байдаг. Шунах, хуурч мэхлэх хэрэггүй ба сайхан сэтгэлтэй, эелдэг
байвал эцэстээ бүхнийг ялдаг гэх мэт үзэл сууж л байдаг. Үлгэр хүүхдийг
хүмүүжүүлдэг. Гагцхүү эцэг эх нэг үлгэр эхэлсэн бол заавал дуустал нь ярих
ёстой. Ингэсэн тохиолдолд сая зөв хүмүүжил суудаг байна.
* Үлгэр бүр сайн уу?
Гэвч үлгэр бүр хүүхдийг сайн хүмүүжилд хөтөлдөг гэвэл худлаа.
Ялангуяа аав нь хүүхдээ, ах нь дүүгээ алж байгаа харгис хэрцгий үлгэрүүдийг
хүүхдэд ярих хэрэггүй. Хэдийгээр үлгэрийн төгсгөлд хэрцгий алуурчин шийтгэлээ
амсдаг боловч энэ үлгэр хүүхдийн хүмүүжилд сайнаар нөлөөлөхгүй нь ойлгомжтой.
Ялангуяа орос ардын үлгэрүүдэд харгис хэрцгий үйлдэл маш их байдаг учраас
зайлсхийвэл зохино. Мөн Диснейн хүүхэлдэйнүүд тухайлбал Шрек зэрэг нь хүүхдэд
биш томчуудад зориулж хийгдсэн гэдгийг мартах ёсгүй. Томчуудын үлгэрийг жаахан
хүүхдэд уншиж болохгүй. Сүүлийн үед хүүхдийн гэсэн гарчигтай томчуудад
зориулсан ном зохиол тун элбэг болсон тул хүүхдэд ярихын өмнө өөрөө заавал
уншиж үзээрэй.
Дэлхийн сонгодог үлгэрүүд тухайлбал Ах дүү Гримм, Шарль
Перро, Андерсоны үлгэрүүдийг заавал уншиж өгөөрэй. Мөн монгол ардын сургаал
үлгэрүүд, Пушкин ба Маршакийн үлгэрүүдийг заавал уншиж өгөөрэй
No comments:
Post a Comment